Нэгэн сайхан бүсгүйд сэтэл алдарчихаад энэхүү шүлгийг бичиж байсан юм. Гэхдээ энэ шүлгээ түүндээ үзүүлээгүй ээ.
Миний дурлал
Нэг алдана, хоёр алдана, гэхдээ гурав дахь гэж байхгүй
Найзлана, нөхөрлөнө, үерхэнэ гэхдээ суух албагүй
Эр хүн алддаг, эрэг нурдаг, гэхдээ заавал биш
Энхрийлдэг, эрхлүүлдэг, хайрладаг, гэхдээ мөнх биш
Бүсгүй хүн байхгүй бол ...
Бүлээн цус минь урсахгүй бол ...
Хайрыг мэдрэхгүй бол ...
Хаашаа явахаа мэдэхгүй бол ... амьдралд утга алга
Тэмүүлэх тусам холдох нь ...
Тэвчих тусам хэтрэх нь ...
Хүсэх тусам хясах нь ...
Хайрлах тусам зугтах нь ... харамсмаар
Бодсон санаснаа ойлгуулж чадахгүй байх ...
Болж бүтэхгүйд нь тусалж чадахгүй байх ...
Хүсэж буйгаа хэлж зүрхлэхгүй байх ...
Хайрлаж чадахаа итгүүлж дийлэхгүй байх ... гутармаар
Хань минь болоогүй ч гэсэн уулзаж байгаад нь ...
Хамт байхгүй ч гэсэн харагдаж байгаад нь ...
Намайг хүн гэж тоож байгаад нь ...
Найз минь гэж хэлж байгаад нь ... баярламаар
Хамт амьдардаг, тусдаа амьдардаг ...
Хашгирч орилдог, хардаж сэрддэг ...
Нэг нь хайртай, нөгөө нь хайргүй ...
Насан туршдаа ойлголцож чаддаггүй ... хүмүүс олон
Үнсэхийг хүсдэг уруул минь хортой гэнэ ...
Үйл хөдлөл нь зөрүүд гэнэ ...
Бодол сэтгэлийг минь уймруулдаг гэнэ ...
Бие, сэтгэл нь хэзээ ч минийх болохгүй гэнэ ... гэсэн ч би хүснэ
Дурласан сэтгэлээ нууж явах ...
Дуугүйхэн орхиод явах ...
Үнсэхийг хүсэвч чадахгүй явах ...
Үүрд хамт байхыг мөрөөдөвч бүтэхгүй явах ... хэцүү
Аз жаргалыг хол гэж бодвол ...
Амьдралыг хатуу гэж гомдвол ...
Алдаагаа засагдахгүй гэж цөхөрвөл ...
Ахиж дурлахгүй гэж сэтгэлээ түгжвэл ... буруу
Сайхан болно гэдэгт итгэ ...
Сайн сайхны төлөө зүтгэ ...
Өөдрөг бүхнийг сэтгэ ...
Өөрийн дураар жарга ... амьдрах сайхан
Цэгцэрч амжаагүй сэтгэлийг нь үймрүүлчихвий гэсэндээ
Цээжин дэх хайрын үгсээ хэлж чадахгүй юм
Эдгэж гүйцээгүй зүрхэн дэх шархыг нь сэдрээчихвий гэсэндээ
Эхнэр минь болооч гэж гуйж зүрхлэхгүй юм
Хар толгойнхоо жаргалыг бодоод
Хайртай гээд одоо хэлчихвэл
Сэтгэлд нь бас нэгэн дарамт болоод
Сэвгүй түүнийгээ зовоочих юм болов уу
Өмнөх амьдрал, өнгөрүүлсэн түүх чинь хамаагүй ээ
Өөрөө чи минь харамсахгүй байвал л хангалттай
Намайг өрөвдөж, урмыг минь бодож сэтгэлээ шаналгах хэрэггүй ээ
Найз минь гэж бодож явахад л хангалттай
Цайлган цагаан чиний минь сэтгэлийн шаналлыг
Цаг хугацаа аяндаа эдгээнэ
Амар амгалан болж, тайвшрах тэрхүү мөчид чинь
Амраг хайрт гэргий минь болооч гэж чамаасаа би гуйх болно